“Нээлтээр” сургахуй ба хүүхдийн хөгжил


Сонсгосныг би мартана,
Үзүүлснийг би санана,
Надаар хийлгэснийг би чадна.
Нагаржуна
Өвгөдийн дэг ёс
Өсвөр үеэ  хөгжүүлж, амьдрал, үйлдвэрлэлд бэлтгэх нь хүмүүний   түүхнээ ямагт  гол тулгуур асуудал байсаар ирж. Өвөг монголчууд  балчир  наснаас бүстэй хүүхдийг моринд гарамгай, нум сум хавахад мэргэн,  эмнэгт эрэмгий, барилдаанд гавшгай болгох,  охидыг үйлэнд уран, нүүдлийн үйлдэн бүтээхэд сургахдаа гагцхүү өөрөөр нь хийлгэж, үзүүлж чиглүүлж  алив ур, эв дүй, чадварыг  хэвшүүлдэг сайхан уламжлалтай байж.
Мөн  тэнгэр, газар, төр улсаа шүтэх, их сурвалжит зан заншил,  ах захыг дээдлэх ёсыг өдөр бүр  давтан сахиулсаар дадал болгодог байж. Энэ нь чухамдаа нүүдэлчний цогц эрдэм- ертөнцийг үзэх үзэл-  МөнхТэнгэрийн ариун зарлиг  юм.  Тийнхүү хүүхдийг хөгжүүлж, байгаль хийгээд  хүмүүний ний орших, хувирахуйн  дэг чаглимд сургадаг үйл  нь тэнгэрийн зарлиг   учраас  бүх нийтийн ариун үүрэг болон хувирсан байна. Ахмад, насаар ах хүмэн бүрийг багш, эцэг, эхийн адил хүндэж үгийг нь дуулдаг байсныг эдүгэ амьд сэрүүн яваа настангууд санаж байгаа байх.  
Монгол түмэн хүмүүнжихүйн оройн дээд дэгийг “эрхэм дээд баян бол эрдэм(дадал, чадвар, сэтгэлгээ, тэвчээр), дунд баян  нь (эрдмийг эзэмдсэн) үр хүүхэд, адгийн баян нь эд хөрөнгө” гэж тодорхойлоод бүр нийт үндэстнээрээ дээдлэн  алтан хууль  болгон сахиж байв.  Өнгөрсөн зууны 50- 80 –аад онд “малчин” удмын залуус энэ л тугийн дор элдэв хөдөлмөр, эрдэм, үйлсэд зүтгэснээр бид соёл, гэгээрэл хийгээд, бүтээхүйн замаар чамлалтгүй хол давшсан билээ.