“Нээлтээр” сургахуй ба хүүхдийн хөгжил


Сонсгосныг би мартана,
Үзүүлснийг би санана,
Надаар хийлгэснийг би чадна.
Нагаржуна
Өвгөдийн дэг ёс
Өсвөр үеэ  хөгжүүлж, амьдрал, үйлдвэрлэлд бэлтгэх нь хүмүүний   түүхнээ ямагт  гол тулгуур асуудал байсаар ирж. Өвөг монголчууд  балчир  наснаас бүстэй хүүхдийг моринд гарамгай, нум сум хавахад мэргэн,  эмнэгт эрэмгий, барилдаанд гавшгай болгох,  охидыг үйлэнд уран, нүүдлийн үйлдэн бүтээхэд сургахдаа гагцхүү өөрөөр нь хийлгэж, үзүүлж чиглүүлж  алив ур, эв дүй, чадварыг  хэвшүүлдэг сайхан уламжлалтай байж.
Мөн  тэнгэр, газар, төр улсаа шүтэх, их сурвалжит зан заншил,  ах захыг дээдлэх ёсыг өдөр бүр  давтан сахиулсаар дадал болгодог байж. Энэ нь чухамдаа нүүдэлчний цогц эрдэм- ертөнцийг үзэх үзэл-  МөнхТэнгэрийн ариун зарлиг  юм.  Тийнхүү хүүхдийг хөгжүүлж, байгаль хийгээд  хүмүүний ний орших, хувирахуйн  дэг чаглимд сургадаг үйл  нь тэнгэрийн зарлиг   учраас  бүх нийтийн ариун үүрэг болон хувирсан байна. Ахмад, насаар ах хүмэн бүрийг багш, эцэг, эхийн адил хүндэж үгийг нь дуулдаг байсныг эдүгэ амьд сэрүүн яваа настангууд санаж байгаа байх.  
Монгол түмэн хүмүүнжихүйн оройн дээд дэгийг “эрхэм дээд баян бол эрдэм(дадал, чадвар, сэтгэлгээ, тэвчээр), дунд баян  нь (эрдмийг эзэмдсэн) үр хүүхэд, адгийн баян нь эд хөрөнгө” гэж тодорхойлоод бүр нийт үндэстнээрээ дээдлэн  алтан хууль  болгон сахиж байв.  Өнгөрсөн зууны 50- 80 –аад онд “малчин” удмын залуус энэ л тугийн дор элдэв хөдөлмөр, эрдэм, үйлсэд зүтгэснээр бид соёл, гэгээрэл хийгээд, бүтээхүйн замаар чамлалтгүй хол давшсан билээ. 

Сайн үйлсэд саар сүүдэр гай мундахгүй. Бидний монголчууд манжийн дарлалд  хэдэн зуун жил оршихдоо үндэсний  үнэт ёс, дэгээ ихэд гээж. Социалист засаглын үед их талын амьдрал ахуй,  үндэсний дэгээс эрс ялгаатай  шинжлэх ухааны дагнасан эрдэм, өрнийн суурин газрын хүмүүнжихүйн номлолыг хуулбарлан дуурайж, бас эх орон, ард түмнээс  сүрхий холдуулсан хэт интенациональч суртлын  дарамтад байсан учраас олон түмний дунд “харийнших” гэм согого суусан нь үнэн. Мөн  хуульд чанд захирагдаж байж хэрэгждэг   чөлөөт зах зээлийн  харилцаа руу гэнэт “гар хоосон” орсны улмаас  тэнгэр-газар, бие- сэтгэлийн амилахуйгаас төлжиж заяасан аугаа уламжлалаа уландаа гишгэхэд хүрч, зарим хэнээтэн нь эдийн шуналд  автан улайрч, иргэн түмнээ хайрлах сэтгэл нь хөрч, сэтгэл бузардахуйн хар сүүдэр ч биднийг дайрлаа.  
     Тэнгэр, газар, хүмүүн, бие-сэтгэлийн яруу найраан дундаас дэвэрч  бүрэлдсэн мөнөөх “алтан” хуулиа ичгүүргүй урвуулж,  толгойг нь хөл, хөлийг нь толгой болгосон хортой зуршил газар авснаас үүдсэн  бузар хэрэг, үйлдэл  өдөр бүр л сонсдож байгаад хаармсаж барахгүй явна. Ард түмнийхээ буян, монгол улсынхаа нэр төрөөр  хөдөлмөр бүтээл, эрдэм номын  заяа түшиж  хат суусан, одоо  ачийг нь хариулахсан гэж бодсоор  яваа настан, ард түмэн маань дотроо битүү багтран эгдүүцсээр л явна.
Түмнээ манлайлах ариун тангаргаасаа няцаж, төр түмний хөрөнгийг завшигчдын муу дуурайл олны санаа, сэтгэлийг хордуулж, ажил хийлгүй   мөнгө авах, ном үзэлгүй дүн тавиулах муу ёрын зуршил дэлгэрсэнд хэн хүнгүй л сэтгэл гогсойж явна. Эл нүгэлт зуршлаас даруй  эс салваас эцэг дээдсийн цусаараа хамгаалж үлдээсэн үүц баян нутагтаа эзэн байхын заяанд ч бузрын сэв суулгаж мэдэх боллоо шүү дээ. Монгол хүн эх орноосоо амилсан сэтгэл бас овсгоотой, бузрыг тонилгох удмын эрчтэйд итгэж, цэвэрших  үйлсийн эхийг бид хүлээсээр ...
            Цахилдаг хөхөөрөө байдаггүй
Эдийн шуналд бурантаглуулаад нийгмийн хөгжлийн гогцоо асуудлаас олон жил тасарч хөндийрсөн  засаглалын   гай уршгийг шинэчлэлийн засгийн газрын бодлого, зорилгот үйл цаашид засаж залруулна байх аа гэдэгт нийт олон түмэн итгэл найдвар тавьж, өөрснөө идэвхитэй оролцохоор мэрийж эхлээд байна.
БШУ-ны сайд Л. Гантөмөр  хүүхдийг хөгжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан дахь  царцанги хэлбэрдэх төрхийг өөрчлөн шинэчлэх зорилт дэвшүүллээ. Тэрээр, өмнөх  амжилтууд дээр суурилж дараагийн шинэчлэлийг  хийх, шинэчлэлийн цөм нь хүүхэд байна, хүүхэд бүрт хүрч ажиллах,   хүчээр тулган мэдээлдэгутга битүү  цээжлүүлдэг  сургалтын мохоо  тоголцоог халах тухай хэдэнтээ санууллаа.  Товчхондоо бол xүүхэд бүрийг идэвхигүй, халширсан сонсогчоос  эрдмийг өөрснөө нээж бүтээхүйн заяа түшүүлж, амьдрах орчноо өөрснөө бүтээн босгох дадал чадвар олгож  хөгжүүлэх зорилтыг сайд дэвшүүлжээ гэж бид үзэж байна. Энэ бол боловсролын хөшингө тотолцоог шинэчлэх цагаа олсон зорилт мөн гэж бид талархан хүлээн авч байна.
 Innovation. Физик бол туршилтаас эх авч, математик тэгшитгэл, тооцоогоор хувьслын зүй тогтлыг илрүүлж хөгжсөн эрдэм мөн.  Эдүгэ мэдээллийн технологи хөгжөөд үзэгдэл, хувирлын зүй тогтлыг  огторгуйн цэг, хугацааны эгшин бүрт тогтоон хэмжиж, нүдний өмнө хөдөлгөөнт дүрслэлээр тодруулах боломж бүрджээ.  Ингэснээр байгаль, нийгмийн үзэгдлийн нууцыг их хөрөнгө зардаг техникт тулгуур  туршилтаас урьдчилан  энэхүү  тооцоо дүрслэлт туршилтаар хайж, тандан илрүүлдэг  арга бүр журам болж хөгжлөө.  Энэхүү гайхамшигт аргыг ЕБС-ийн физик сургалтад дэлхий даяар өргөн нэвтрүүлээд байна.  Физик сургалтын техник төхөөрөггүй шахам он удаан жилийг туулсан манай орны хувьд бол мэдээллийн технологид суурилсан энэ дэвшил(Innovation)-ийг цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлага хурц тавигдаж байгаа юм.
   Урам хайрлав.   Физик эрдмийн дэлхийн галын шугамд боловсорч буй эдэлгээний  мөнөөх график дүрслэлийн цогц арга зүйг хэрэглэн ЕБС-ийн физикийн загвар лаборатор бүтээх ажлыг бид 20 шахам жилийн өмнө эхэлсэн. Анхны 2D лабораторыг БСШУ-ны сайдын 2004 оны  41    тушаалаар ЕБС-ийн физик сургалтад  хэрэглэхийг зөвшөөрсөн юм. 10- аад аймагт сургалт явуулсан боловч, тэр үед ЕБС-д компьютер бараг үгүй, багш нарын компьютерийн мэдлэг чадвар сул, тэрч бүү хэл наадах хулганаа гэж гэнэт хэлэхэд цочидог хүн ч байсан юм. Тэгэхэд нэвтрэх боломж бүрдээгүй байж.
Тэгэвч МТ-ийн дэвшил улам хурдасч OPEN GL, PHYTON, C SHARP( C#) зэрэг тооцоо- дүрслэлийн төхөөрөг онолын физикийн судалгаанд эрчтэй нэвтрэхүйд тэдгээрийг загвар лаборатор  бүтээх зорилгоор элдэншүүлж суралцав.  Сүүлийн 10-аад жилд 3D загвар бүтээх үйл бүтэлтэй боллоо. Физикийн загвар лаборатор маань олон орны уралдааны болзол хангаж,  2012 онд Малайзын Куалалүмпүр хотноо болсон олон улсын хуралд илтгэж оролцов.
 Өнгөрсөн оны эхэнд туршилт хийж эцэслэн төгөлдөржүүлэхэд туслахыг хүсэж, БСШУ- ны сайдад өргөдөл барьсан боловч  зав нь болоогүй юм байлгүй анхаараагүй орхисон юм. Харин энэ жил мөрөөр нь Л. Гантөмөр сайд дуудаж, загварын зарим туршилттай танилцав. Тооцоо-дүрслэлт лабораторын гоц онцлог нь огторгуй дахь шилжилт, хугацааны туршид үүсэх хувирлыг тогтоон хэмжснээр  физикийн тулгуур хуулиудыг сурагчид өөрснөө “нээх” боломжтой, бас чиглүүлж ном хаялцуулах (дидактик) арга нь өвөрмөц байхыг тэрээр соргого мэдэрсэн юм. Тэгээд цаг алдалгүй  туршилтаа  явуулж, бүтээх ажлаа дуусгаад патент авахыг зөвлөөд, яам  дэвшлийг дэмжих болно гэж урам хайрласан юм.
Хүүхдийг “нээлтээр” хөгжүүлэхүй
 Бэлтгэл. Сайдын дэмжлэгээр Увс аймгийн физикийн багш нарт  загвар лабораторыг турших, суралцагсдаар тулгуур хуулийг “нээлгэх”, шинэ  дидактик зарчмыг нь боловсруулах сургалт явууллаа. Урьдчидсан бэлтгэлийг хоёр сарын өмнөөс  цахим өртөөгөөр дамжуулан хийв. Эрин цагийн шинжилгээ, тооцоо- хэмжилтээс ургуулан зүй тогтлыг нээлгэхэд чиглэсэн  сэтгэлгээний дарааллыг хөдөлгөөнт байдлаар зураглан гаргдаг “KAMTASIA” програм,  мөн уг лабораторын гол гол ажлын  18 Movie, математикийн “MATCAD-15” бүрэн багц  програмыг суулгаж ажиллуулах зааврынх нь хамтаар цахим өртөөгөөр хүргүүлж, багш нар ч аймгийн боловсролын газрын газрын МТ кабинетэд хамтран ажиллаж, зохих төвшинд эзэмшсэн байлаа. Хичээлээр багш бүр 3D загвар лабораторын CD-г гар компьютертээ  ажиллуулав.  
                     
 Лабораторын онцлог. Лабораторын   ач холбогдлыг  тодруулбал:
Ø  Утга учрыг нь сурагч   шууд үл гадарлах  “хөлдүү” томъёог самбарт бичиж мэдээллийг албадан сонсгодог зуршлаас болж,  олонх  суралцагсад сэтгэж, дүрсэлж ойлгож чадахгүй учраас физикээс залхах ч уршигтай.
Ø  Тулгаж “дарамтлан” мэдээлэх нь юмс,үзэгдлийн мөн чанар, хувирах хийгээд бүрэлдэхүйн учрыг  далд орхигдуулдаг тул хүүхдийн дүрслэн сэтгэх хөгжлийг боогдуулдаг.
Ø  Судлах гэж буй тооцоо-дүрслэлт(simulation)  загвар (virtual) лаборатор бол дээрх бэрхшээлийг даван туулах гол хэрэглүүр, сургалтын өнөөгийн дэвшил(innovation)  шингээсэн буй.
Ø   Эл дэвшлийг буурай орон төдийгүй, техникт бааз сайтай хөгжингүй оронд ч өргөн хэрэглэж байна. Тодотговол:
v  Физикт байгалийн нууцыг нээн илрүүлэх хоёр тулгуур арга бий: нэгдэх нь туршилтын, хоёр дахь нь онолын физик.  Сүүлчийн аргаар, тооцоо-дүрслэлт хэмжилтээс үзэгдэл хувирлын  яс чанарыг дүрс, хөдөлгөөн, дуу чимээтэй нь товойлгон  босгох нөөцийг лаборатор болгож  ашиглах замыг нээж байгаа юм.
v  Онолын физик, мэдээллийн технологи хоёр хүч хавсраад ирэхээр бүрэлдсэн  эрдмийн эл дэвшил нөөцийг ЕБС-ийн сургалтын лабораторт хувиргаад байна. Бас сралцагсад  хэмжилтийг KAMTASIA багцаар  MOVIE болгон хурааж аваад, уг мэдээллээ тойруулан  ухааныг уралдуулан ном хаялцан оюуны дайралт хийгээд эцэст нь физикийн тулгуур хуулиудыг Ньютон, Кулон, Ом, Фарадей, Эйнштейн, Планк.... адилаар өөрснөө нээж, томъёоллыг нь гаргаад, томъёог нь бичих  шид чадварыг эзэмдэнэ. Гайхалтай шүү.
Ø  Чингэхүй физикийн хичээл сэтгэх, хамтаараа сэдэж шийдэх хийгээд нийгэмшихүйн шинэ ундрагад  хувирна.
Ø   “Нээлтээр” сургах нь цоо шинэ дидактик зарчмаар хэрэгжинэ. Хэмжилтийн  сэтгэлгээний хэлхээс, дүрслэлт дүнг KAMTASIA –д шингээсний дараа хуулийг шууд нээлгэх гэж “албадахгүй”.  Багш гагцхүү эрдэм шинжилгээний удирдагчийн өндөрлгөөс  чиглүүлж, санаа зөвлөмж өгсний дараа  “–За та нар Ньютон, Кулон, Ом, Фарадейн адилаар хуулийг нээх шинжилгээ хийцгээ” гэсэн даалгавар өгнө.
Ø  Эл эрэл хайлт суралцагсдын дунд битүү  уралдаан өрсөлдөөн өрнүүлнэ.  Шийдлийг олсон байдлыг цэгнээд сургууль, багш эрдэм шинжилгээний  “семинар” зохион байгуулж “нээлтийг” батална.
Ø  Туршилт нээлтээр дуусахад багш уг ажлыг  гарын доорх “техникт” туршилтаар нотлох ажлыг зохион байгуулна.
 Цохож хэлэхэд, дэлхий даяар  тооцоо-дүрслэлт лаборатор нэн олон. Гэвч ихэнхдээ ЕБС багш, мэдээллийн мэрэгжилтэн нар зохиодог учраас  томъёоны ил өнгөн график дүрслэл байдлаар бүтээсэн байдаг.  Манай загвар бол    чухамхүү тулгуур хуулиудыг нээх зориулалттай онолын физикийн тулгуур  арга мөн. Тооцоо-дүрслэлт туршилтаар нээлгэж сургахуй нь  өнөөгийн эрдэм шинжилгээний арга барилтай яв цав  тохирно. Тиймээс физик сургалт нь суралцагсдын сэтгэлгээг хөгжүүлж, хамтаараа шийдэж сурах тул нийгэмшихэд их ач тус хүргэнэ.
Үнэлэлт, санал. Лабораторын тооцоо- дүрслэлт хэмжилтийн шинэ сэтгэлгээ, аргын учиг үзүүрийг олж, KAMTASIA  багцад  баримтыг шингээж аваад тулгуур хуулийг нээх арга, утгын сэжүүрийг  атгаад хуулийг өөрснөө нээсний дараа    багш нар, завсарлахыг ч хүсэхгүй, нэн идэвхитэй сууж байлаа. Сүүлчийн өдөр болсон дүгнэлт, ном хаялцлын явцаас заримыг энд сийрүүлье.
Д. Алтанцэцэг(Тэс сум): Тооцоо дүрслэлт туршилтаар сурагчид физикийн тулгуур хуулийг нээх арга, зарчмыг эзэмших тухай  анх сонсоод толгойд нэг л багтахгүй чухамдаа би итгээгүй, юу л бол доо гэж бодож суусан юм. Хэдэн өдөр хичээллээд  тооцоот хэмжилтийг  KAMTASIA  багцад хурааж сурлаа. Тоо, дүслэт мэдээллийг багшийн чиглүүлэлтийн дагуу нөхөдтэйгөө шүүн ярилцсаар тулгуур хуулийг бүрэн хэмжээгээр нь нээж, томъёог нь бичээд, томъёоллыг нь тодорхойлж болохыг эзэмшлээ. Үнэхээр гайхалтай  юм. Өсвөр үе сониуч, урамших нь түргэн, их эрдэмтэд шиг хууль нээлээ гэж бахархана даа. Тэдэнд бүтээлч сэтгэлгээний хүч олгож, аливаа асуудлыг шийдэх эрч өгнө гэдэгт итгэж байна.
Д. Гэрэлмаа(Улаангом, II цогцолбор):  Бид үнэхээр багшийн хэлдгээр “хөлдүү” томъёо самбарт бичиж, хүүхдийн өөрөө хийгээгүй, туршаагүй, үзээгүй эмнэг мэдээллийг тулган сонсгодог байжээ гэж бодож байна.  Энэ тооцоо дүрслэлт лаборатор бол зөвхөн хэмжилтийн тоон үзүүлэлт биш, уг юмс, үзэгдлийн  хувирлыг хүүхэд огторгуй, хугацааны явц алхам бүрт хөдөлгөөн дүрс  төрхтэй  нь хамт нүдээр үзээд мэдэрч хэмжээд  өөрснөө KAMTASIA багцад буулгаж авах юм байна. Энэхүү тооцоо дүрслэлт эл зэхэц нь чухамхүү хуулийг нээхэд товлож чиглэсэн  сэтгэлгээний хэлхээс бөгөөд ном хаялцан шийдэлд хүрэх  хөтлүүр нь болж байна.  Тэгэхлээр эрдэм номыг ухааныг уралдуулан, задлан дэвэргэж хамтын хүчээр шийдэлд хүрч улмаар ухаалаг хүн төлөвшихийн  замыг нээж байна. Бид энэ лабораторыг сургалтад хэрэглэж нэвтрүүлж чадна. Тэгэхдээ шат шатны сургуульд зохицулан хэрэглэх боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна.
Ж. Батзаяа(Малчин сум). Манай оронд физикийн сургалт лабораторын техникт суурьгүй буюу ор нэр төдийхөн үзүүлэнтэй явсаар ирсэн. ЕБС-д бүү хэл их сургуульд ч  төдий л сайн лаборатор байдаггүй л болов уу даа. Бидний үзэж судлаад байгаа энэ тооцоо дүрслэлт лаборатор бол өнөөгийн нөхцөлд дунд сургуулийн физик туршилтын  найдвартай  суурь болох нь илт байна. Тоцоо дүрслэлт хэмжилтээсээ сурагчид судалгааныхаа чиг санааны дагуу багц програмаар MOVIE бэлдчихээд түүнийгээ тойруулан ном хаялцаж, судалгаа хийсээр хуулийг нээж болох нь үнэхээр бодитой, сургалтад даруй нэвтрүүлбэл зохих  дэвшил мөн гэж би үзэж байна. Харин энэ лабораторыг хөдөөгийн сургуульд хэрэгжүүлэхэд  физикийн кабинетыг цөөн компьютрээр тоноглох шаардлага заавал гарна байх аа.
Ж. Оюунчимэг(Улаангом, II цогцолбор):   Хичээлийг анх эхлэхдээ багш бидний зорилт бол  загвар лабораторын шинэ бөгөөд шинжилгээнд суурилсан арга зүйг эзэмшээд физикийн тулгуур хуулиудыг сурагчдаар Кулон, Ньютон, Планк, Эйнштейн шиг нээлгэж, сэтгэх, сэдэх ур чадварыг  нь хөгжүүлэх бас тийм сургалтыг удирдан хөтлөх эв дүй, шинэ дидактик зарчимд  багш нар суралцахад  оршино  гэж хэлснийг би явц дунд нь сая л бүрэн ойлгож авлаа.
 Нээлтийн сэтгэлгээний хэлхээс MOVIE –г бэлтгээд түүнийгээ оюуны хамтын дайралтаар шүүн хэлэлцээд зөв шийдэлд хүрч хуулийг томъёо хийгээд томъёололтой нээж болохыг бид энэ богино хугацаанд  баттай үзлээ. Эндээс үзэхэд бид амьгүй томъёо, сэтгэн бодохуйг хөгжүүлэх  чийг болон эсгүүр  хөрөнгөгүй хуурай мэдээллийг өгдөг муу зуршлаас салж, багшийн хэлснээр  эрдмийн удирдагчийн төвшинд гарах шаардлага эндээс харагдаж байна.  Лабораторын ажлын MOVIE бэлтгэх бол эрдмийн ажлын эхлэл юм гэж бодож байна. Эргэн тойрон байгаа бүхий л юмсыг бүрэлдүүлж буй  атом, молекулын төрөлх төрх шинж квант физикээр илэрхийлэгдэнэ. Сүүлийн жилүүдэд квант физик ЕБС-ийн програмд орж ирэх боллоо. Иймд атомын хуулиудыг нээх тооцоо дүрслэлт судалгаа, туршилтыг их сонирхож байна.
Ж. Жавзмаа(Зүүнговь сум): Нөхдийн хэлсэнтэй санал нэг байна. Загвар лаборатор бол физик сургалтыг эрин цагийн шинжилгээний арга зүйгээр явуулж, хүүхдийг хөгжүүлэх хүчтэй хэрэглүүр болгох  төвшинд хүрч боловсорчээ гэж үзэж байна.  Агуулгын дагуу бидний зааж мэдээлдэг сэдэвт хичээл нь   сурагчдын өөрснөө  зонхилон гүйцэтгэх лабораторын туршилт, шинжилгээ дүгнэлт хийх, хуулийн томъёо, томъёоллыг гаргах цогц үйлдэлд бүрэн ууссан мэт санагдаж байна. Энд дидактиктикийн шинэ зарчим боловсруулах шаардлага гарах юм уу даа гэж бодож байна.
Л. Гантулга(Улаангом,III цогцолбор). Тооцоо дүрслэлт лабораторын энэ сургалт физикийн хичээл, туршилтын шинэ бөгөөд цогц арга барилыг бидэнд эзэмшүүлж байна. Энэ тухай нөхөд тодорхой ярилаа. Лабораторыг сургалтын аль ч шатанд бид зохицуулаад хэрэглэж чадна гэж бодож байна. Харин Завхан аймагт болсон олимпиадын үеэр олон аймаг хотын багш нар тооцоо дүрслэлт лабораторыг нэвтрүүлэхийн тулд   сургуулийн физикийн кабинетыг  цөөн компьютерээр тоноглож туршилтыг явуулах боломж бүрдүүлэх санал тавьсныг нэн зүйтэй санал гэж үзэж байна.  
Д. Баттогтох(Улаангом коолеж).  Бидний урамтай эзэмшээд байгаа лаборатор бол хүүхдээр өөрөөр нь хийлгэж сургаж, дадлагажуулах зарчмын бодит хэрэгжилт юм. Тэгэхдээ физикийн тулгуур хуулиудыг сурагчид өөрснөө нээхээр бүтээсэн нь гоц онцлог мөн. Тиймээс байгалийн хууль зүйг сурагчид шинжилж нээж суралцах арга, эв ов зүй сурагчид гарцаагүй эзэмшинэ.  Тэгэхлээр байгалийн хийгээд нийгмийн аливаа зүй тогтол, учрыг шинжилж нээж илрүүлэх чадвар, сэтгэлгээг сурагчид эзэмшиж, ухаан нь задарч хөгжинэ.  Орон даяар даруй нэвтрүүлбэл зохих боловсрол дахь физик- мэдээллийн технологийн дэвшил(innovation) гарцаагүй мөн.  Би өөрөө багшийн удирдлагаар энэхүү загварчлах сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, түүнээс хойш хэмжилтийг KAMTASIA-д буулгаж, “нээлтээр” сургах цоо  шинэ дидактик зарчим боловсруулсан байна.
Б. Оюунгэрэл(Улаангом, I цогцолбор). Нөхдийн ярианд миний хэлэх гэсэн санаа бараг гарлаа. Бид самбарт  томъёо бичиж,  хуурай мэдээлэл өгдөг маань багшийн хэлсэнчлэн, гангийн халуун наранд ботго  буйлан тойрч буй гадас мэт  болох нь илэрхий байна. Туршилтыг үйлдээд, хөдөлгөөнт дүрс, тооцоот мэдээллийг  сурагчид  KAMTASIA багцад  бэхжүүлж аваад хамтын шинжилгээний хүчээр хууль, зүйг нээж байгаа нь үнэхээр бахдалтай сайхан зүйл.  Бид хэрэглэж чадахаар боллоо.
П. Дамдин(Улаангом,IV цогцолбор).  Нөхөд бидний зөвлөж тогтсон санааг дор бүрнээ зохих өнгө аясаар тодорхойлж хэллээ. Цаашид бид яаж ажиллахаар тогтсноо цухас дурдъя.  Харамсалтай нь манай багш нарын нилээд нь хүндэтгэх шалтгаанаар оролцож амжсангүй. Гэвч хичээлийн жил эхлэхээс өмнө цугларч үлдсэн нөхөддөө CD болон бусад програм сэлтийг гардуулж, нээлтээр  сургах аргыг эзэмшүүлэх болно. Бид бүгд лабораторын MOVIE- г бололцооныхоо хирээр давтан хийж, Лхагва багшийн www.phys-elab.blogspot.com – д тавьж орон даяар түгээн шалгуулна гэж ярилцсан.  Манай  е-лабораторын тооцоо дүрслэлт хэмжилтэд бэлтгэх сэтгэлгээний хэлхээ дараалал хийгээд физикийн нарийн учир утгыг KAMTASIA багцад буулгах, улмаар ном хаялцлаар шийдлийг хайх үйл зэрэгт нь орчин үеийн физикийн шинжилгээний нарийн арга дэг шингээстэй байгаа  гэдгийг бид нилээд гүн мэдэрлээ.
 Тэгэхлээр сургах ажил маань сэдэх, сэтгэж бүтээх , шинжлэх үйлстэй шууд холбоотой болох юм шиг санагдаж байна. Тиймээс дор бүрнээ физик зүй тотлыг хэмжих, шинжлэх, сэтгэж бүтээх, нээн илрүүэхэд  чиглэсэн хамтын ажиллагаа явуулна.  Лхагва багш энэ сургалтаа олон аймаг, хотод явуулж, шавь нарынх нь хүрээ мэдээж өргөжнө. Физикийн багшийн Увс   анги болж хамтын хүчээр ажиллаж  бусад газрын нөхдөөсөө хоцрохгүй ажиллахыг бид хичээх болно. Ирэх жил Улаангомд болох улсын физикийн олимпиадын өмнө эрдэм шинжилгээ инновацийн хурал зохион байгуулна. Лхагва багш бидний эрдэм хайгуулын удардагч байх болно. О. Лхагва багшдаа баярлалаа.
О. Лхагва: над баярлах биш ээ,  би хүссэн ажлаа хийж байна. Олон жил бүтээгээд багш нарын хамт олонд дуулгах сан гэж мөрөөдөж явахад, сурагалтад нэвтрүүлбэл шаардлагатай дэвшил мөнийг гярхай  ойлгож, санхүү, нөхцлийн туслалцаа үзүүлсэн  Боловсрол, шинжлэх ухааны сайд болон яамны холбогдох ажилтан нарт бүгдээрээ талархлаа илэрхийлэх нь зүйтэй байна.
У. Төмөрхүү(БСГ, арга зүйч):  Сургалт үнэхээр үр өгөөжтэй болж,  шинэ дэвшлийг багш нар ойлгож эзэмшиж авлаа.  Сургалтын технологи болон арга зүй өнөөгийн дэвшилтэд олон материал авлаа. Цаашдын ажлын үр дүн бидний идэвхи зүтгэлээс хамаарна. Тодорхой ажл зохион байгуулах болно.



Профессор  О. Лхагва,     
 Физмат ШУ  доктор,
        Олон улсын Эйнштейний шагналт
  Монголын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,     
 Шугаман бус эрдмийн ОУ академийн жинхэнэ гишүүн,   
Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн,    
 ХХ зууны дэлхийн 2000 шилдэг хүний дипломт, 
Дэлхийд хэний хэн бэ нэвтэрхий тольд данстай,
       Монголын оюуны өндөр өндөр чөдавхитай хүний нэг, (IQ),
        Америкийн физикийн нийгэмлэгийн гишүүн,       
  МУ их сургуулидын концорциумын шилдэг багш,      
  Монгол улсын сургуулийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш,


2013. 07.15   

 
   
 
 

  
                     Ширээ тойронд маргаан хэлцэл төгсгөлгүй...

     
  
  
  
    Монгол говийн баруун хоймор дахь  нуур. Багш гаргахгүй.. харанхуй болчихлоо...

    
   


                           Халуун шатахад багш арайхийж....


 
Анчид шөлний юм...
                              
   
Загас  бүжиглэнэм үү...                   Загас-сугас...   

 
         Нуурын цаа биед нутгам...       Нуур маань хэвээрээ л...







2 comments:

  1. mash goyo surgalt bolson shuu. lhagba bagshdaa bayarllaa. ene zagbar laboratoriig busad buh fizikiin bagsh nar olj uzej bas tatan abch surgaltandaa heregleerei gej urialj bna

    ReplyDelete
  2. manai ulsiin bolowsroliin salbart bolon mongoliin ireedvi hoij bolson hvvhed zaluud hiij bvteeh, uuriiguu hugjuuleh, medeellin tehnoloogoos hotsrohgvi tsag veteigee mur zeregtsen alhahd enekhvv surgalt vvd haalgiig neej ugsun ym boluu gj bodoj bn vnekheer goy surgalt bolson bololtoi. bolomj vrgelj bidend neelttei baidag bi bas suraltsahiig hvsj bn

    ReplyDelete